Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2025.03.17) 10 цаг 00 минутад 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэд, байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангай, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байсныг онцлон тэмдэглэв. Мөн 2024 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4.9, инфляц 9.2, төсвийн тэнцэл хасах 1 хувьтай, төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. Харин энэ оны хоёрдугаар сарын эцсээр инфляц 9.6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн. Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Гадаад орчны хүчин зүйлсээс нөхцөлдсөн, эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүйг дурдлаа.